ТҮҮХЭН ХӨГЖИЛ

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮҮСЭЖ ХӨГЖСӨН ТҮҮХ

 

Барилгын байгууллагын үүсэл:

Булган аймгийн хөгжил барилгын байгууллагын үйл ажиллагаатай ихээхэн холбоотой. Учир нь энэ үйл ажиллагааны дүнд орчин үеийн суурин газрууд болох сумдын төвүүд байгуулагдаж суурин соёл нэвтэрч сургууль эмнэлэг байгуулагдсан хөгжлийн асар том дэвшил болсон байдаг. Энэ ажлыг Булган аймагт аймгийн барилгын мэргэжлийн үндсэн байгууллага болох аймгийн барилга Триест, хөдөөгийн барилгын чиглэлээр мэргэшин тодорхой сумдыг хариуцан ажиллаж байсан Нэгдэл дундын үйлдвэр, нэгдлүүдийн дэргэд байгуулагдаж тухайн нэгдлийн хөрөнгө оруулалтын малын хашаа зэрэг ажлуудыг хариуцаж байсан нэгдлийн барилгын бригад зэрэг хариуцан гүйцэтгэж ирсэн.

Эдгээрээс гадна Барилгын зургийн товчоо, барилга захиалагчийн товчоо болон барилга засварын анги, Усны аж ахуйн контор зэрэг зураг төсвийн болон барилга үйлдвэрлэлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсан болно. 1990 оноос өмнө дээр дурдсан бүх байгууллагуудын хүч зүтгэлээр аймгийн 15 сумын  болон 7 багийн төвийг бүрэн барьж ашиглалтад оруулж байжээ. Хялганат тосгон, Рашаант сумын төвүүдийг ЗХУ-ийн барилгын мэргэжлийн байгууллагууд барьсан. Булган аймгийн барилгын байгууллага нь 1957 оны 3-р сард анх барилга анги нэртэй 100-аад ажиллагсадтай 10-аад авто машинтай байгуулагдаж жилдээ 1.3-3 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байжээ. Энэ үед үндэсний мэргэжилтэй ажилчид байдаггүй хятад барилгачид ажиллаж байжээ.

1962 онд барилгын мэргэжилтэй ажилчин бэлтгэх 3 сарын курс нээгдэж 30 гаруй монгол ажилчид суралцан төгсөж бригадын даргаар нь Д.Дагвасамбуу томилогдон ажиллаж анхны өрлөгийн бригад байгуулагдан ажилласан түүхтэй.

1964 онд контор болон өргөжиж 150 гаруй ажиллагсадтай 10-аад инженер техникийн ажилчидтай болж өргөжсөн.

       1965 оноос гадаад дотоодын барилгын техник мэргэжлийн сургууль төгссөн төрөл бүрийн мэргэжлийн ажилчид жил тутам нэмэгдэж 400 гаруй ажиллагсадтай болж 10 гаруй сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэдэг болжээ.

1979 онд барилга триест жилдээ 20 гаруй сая төгрөгийн барилга угсралт 5 сая гаруй төгрөгийн барилгын материал үйлдвэрлэж 3 сая төгрөгийн ажил гүйцэтгэх болсон төдийгүй 100 гаруй машин, хүнд хөнгөн механизмтай болсон. 1980-аад оны эхний ба дунд үеэр барилгын үйлдвэрлэлийн бааз 1.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цахилгаан сантехникийн эдлэл бэлтгэх цех, 10-н машины грааш, 30-н машины техникийн засвар үйлчилгээний станц, мужааны цех, 3000м3 бетон, төмөр байрны барилгыг шинээр барьсан. Анхны барилгын салбар үүсэж хөгжсөнөөс хойш өнөөдрийг хүртэл аймгийн хэмжээнд 323 барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан байна. Үүнд: сургууль цэцэрлэгийн 57 барилга, Эмнэлгийн 23  барилга, орон сууцны 57 барилга, ахуйн үйлчилгээний 9 гэх зэрэг олон барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ. Үүнээс 1990 оноос хойш сургуулийн өргөтгөл 6, эмнэлэг 10, дотуур байр 3, захиргаа 3, соёлын төв 3, цэцэрлэг 6, орон сууц 7-г орон нутгийн болон нийслэл, аймгуудын компаниуд барьсан байна. Энэ хугацаанд Булган аймгаас төрсөн гавьяат барилгачин Д.Дагвасамбуу 1976 онд, М.Могойтар 1996 онд, Хөдөлмөрийн баатар цолоор 1981 онд Д.Дагвасамбуу зэрэг шагнагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд барилга угсралтын 21, зураг төсвийн 2 аж ахуй нэгж байгууллага бүртгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд аймгийн төв болон сумдын хөгжлийг түргэтгэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх, хот уруу чиглэсэн их нүүдлийг багасгахын тулд төвлөрсөн инженерийн хангамжтай болгох үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж ирсний дүнд 6 сумын төв, 1 тосгон төвлөрсөн инженерийн хангамжид холбогдож одоо үлдсэн 8 сумын төвийг төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бодлого маань Улаанбаатар болон томоохон хотууд луу чиглэсэн их нүүдлийг багасгахад бодлогын томоохон дэмжлэг болох бусад аймгуудын нүүдлийг өөрийн аймаг уруу чиглүүлэх хэрэгсэл болох шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байна. Иймээс өөрийн аймгийн сумдад уул уурхайн болон ХАА-н чиглэлийн үйлдвэрлэлийн баазыг бий болгох тэднийг дагасан орчин үеийн суурингуудыг бий болгохоор ажиллаж дэд бүтцийн болон байгаль цаг уурын эерэг өгөгдлүүдийг ашиглах чиглэлээр тодорхой зорилтууд тавин ажиллаж байна. 

 

Барилга, хот байгуулалтын чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

  • Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалтын бичиг баримтыг бүх суурин газруудад боловсруулан мөрдөж, барилгын чиглэлээр энэ хөтөлбөрт заагдсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар аймгийн хэмжээнд барилга байгууламж төлөвлөсөн хугацаанаас илүүгээр он дамнан баригдах нөхцөлийг арилгаж, барилгын үндсэн материалын чиглэлээр  үйлдвэрлэлийн бааз суурийг бий болгох нөхцөл боломж бүрдсэн байх зорилтыг дэвшүүлж байна.

 

Газрын харилцааны үүсэл хөгжил:

 

Булган аймгийн АДХГүйцэтгэх захиргааны ХААУГазарт 1965 оны үеэс газар зохион байгуулалтын асуудлыг хариуцсан бие даасан орон тоог буй болгон ажиллуулж байсан мэдээлэл байдаг.

Аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт Газрын эдэлбэр, хөрс хамгааллын улсын байцаагчийг 1980-аад оноос орон тоогоор ажиллуулж байжээ.

Байгаль орчныг хамгаалах газарт газар эдэлбэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн улсын байцаагчаар 1985-1989 онд газар зохион байгуулагч Д.Лхагвасамбуу ажиллаж байв. Байгаль орчныг хамгаалах газар 1992 онд татан буугдаж Аймгийн АДХГЗахиргааны Байгаль орчны хэлтэс байгуулагдан уг хэлтэст газрын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байв.

АДХГЗахиргаанд бүтцийн өөрчлөлт хийгдэж 1993 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчны бодлогын хэлтэс байгуулагдаж уг хэлтэст газар, газрын х‎‎эвлийг хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч ажиллаж байгаад 1996 онд аймгийн Засаг даргын 291 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст Геологи, уул уурхай, байгалийн нөөцийн бодлого зохицуулалт, газар зохион байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг нэг мэргэжилтэнд харьцуулан ажиллуулж байв.

Аймгийн Засаг даргын 31 дугаар захирамжаар 1998 оны 3 дугаар сард Байгаль орчин, Газрын харилцааны алба байгуулагдаж даргаар нь Д.Цэрэндорж томилогдон ажиллаж байв.

Аймгийн Засаг даргын 45 дугаар захирамжаар 2003 онд бүтцийн өөрчлөлт хийж Байгаль орчин, Газрын харилцааны албыг Үл хөдлөх эд хөрөнгийн товчоотой нэгтгэн Газар, байгаль орчны албыг байгуулсан нь аймгийн Газрын алба бүтэц зохион байгуулалтын хувьд бие даан ажиллах эхлэл тавигдаж улсын хэмжээнд хамгийн анх сумдад орон тооны газрын даамлуудыг ажиллуулжээ. Энэ хугацаанд аймгийн хэмжээний хот тосгон бусад суурины газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан томоохон хэд хэдэн сургалтыг зохион байгуулж ажиллаа.

Аймгийн Засаг даргын 01 дугаар захирамжаар 2005 оны 01 сард Газар, Байгаль орчны албыг Газрын алба, Байгаль орчны алба болгон өөрчилж аймгийн Газрын алба дангаараа байгуулагдсанаас хойш тариалангийн болон атаршсан газрын кадастрын зураглалыг иж бүрнээр хийсэн.

хот байгуулалтын сайдын шийдвэрээр бүтцийн өөрчлөлт хийж 2006 оны 10 дугаар сард Барилга Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Газрын албанаас салгаж тусдаа байгууллага болгосон.

2006 оноос аймгийн Газрын алба төв суурин газрын кадастрын зураглалын ажлыг, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2007 онд,  аймгийн Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэл хөтлөх ажлыг 2008 онуудад хийж гүйцэтгэлээ.

Аймгийн Засаг даргын 2009  оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Барилга хот байгуулалтын албатай нэгтгэгдсэнээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр байгуулагдаж 2013 онд Ч.Балдандорж, 2016 оноос Ү.Бямбасүрэн газрын даргаар томилогдон, Газрын харилцаа, Барилга, хот байгуулалт гэсэн 2 хэлтэстэй, захиргаа аж ахуйн 1 тасагтай, 16 сум 1 тосгонд 18  газрын даамалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн Газрын алба нь анх 2003 онд байгуулагдсанаас хойш Булган аймагт

  • Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдаж уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг аймагтаа ажилтай зохион байгуулж хэрэгжүүлсэн.
  • Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.
  • Аймгийн Газрын нэгдмэл сангийн тооллого тоо бүртгэл хөтлөх ажлыг орон нутгийн хөрөнгөөр хийлгэж байна.
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын зураглал-тоо бүртгэл төслийн хүрээнд төв суурин болон тариалангийн талбайн кадастрын зураглалын ажлыг иж бүрнээр хийлгэсэн.
  • Хот, тосгон болон бусад суурин газрын, тариалангийн болон атаршсан газрын, бэлчээр хадлангийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг иж бүрэн хийлгэх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж гүйцэтгэсэн байна.

Аймгийн хэмжээнд 33684 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 125335.269 га газрыг өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсныг газрын кадастрын мэдээллийн сан оруулаад байна. Газрын кадастрын хэмжилт зураглал, мэдээллийн сангийн зургаар жилд 1300 гаруй иргэн, хуулийн этгээд үйлчилгээг үзүүлэн 16-18 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн ажилладаг.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж 2003-2017 оны байдлаар аймгийн хэмжээнд 14174 иргэн өргөдөл ирүүлснээс 13969 иргэнд 2329,43 га газрыг өмчлүүлж статистикийн хүн амын 2016 оны 61149 иргэнд харьцуулахад 23,05%-тай, өрхийн тоонд харьцуулахад 74,3%-тай явагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 7-р байранд явагдаж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 13969 иргэн газар өмчлөх шийдвэрээ авсан боловч үүний 7227 иргэн буюу 51,7%-нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэн газраа баталгаажуулан гэрчилгээ авчээ.

2003-2017 онд газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт нийт 3,1 тэрбум  төгрөгийн орлого оруулав. Мөн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанаас 1,3  тэрбум  төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.

Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, “Ногоон-Алт” Бэлчээрийн удирдлага хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан батлуулж, хэрэгжүүлсэн байдлаар нь шалгаруулах “Шилдэг газрын алба” болзолт 2007 онд 3-р байр, 2008 онд 2-р байр эзэлж “Шилдэг Газрын алба”-аар шалгарч байв. Түүнчлэн 2016 онд Швейцарын хөгжлийн агентлаг “Ногоон алт-Малын эрүүл мэнд төслөөс санаачилсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан  болзолт уралдаанд улсын хэмжээнд мөн  3-р байранд шалгарч амжилттай оролцсон.  

Мөн аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг 90-98.1 хувийн биелэлттэй дүгнүүлсэн ажлын амжилт үзүүлж байлаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Газрын зураглал-тоо бүртгэл” төслийн хүрээнд манай аймагт иж бүрэн 15 компьютерыг 2008 онд хүлээлгэн өгснөөр үндэсний газар зүйн мэдээллийн санд холбогдох бүрэн боломжтой болохоос гадна албандаа мэдээлэл сурталчилгааны танхимыг байгуулж 5 компьютерыг дотоод сүлжээ болон интернетэд холбосон сургалтын танхимыг байгуулан ажиллаж байгаад 2015 оны байдлаар 14 мэргэжилтэн өндөр хүчин чадалтай компьютерыг ашиглан дотоод сүлжээ болон интернетэд чөлөөтэй холбогдон мэдээ мэдээллийг солилцож байна.

Аймгийн Засаг даргын 2006 оны 47 дугаар захирамжаар “Хүний нөөцийн төлөвлөлт” 2013 оны газрын даргын 48 дугаар тушаалаар “Хүний нөөцийн менежмент” хөтөлбөрүүд тус тус батлагдаж үндсэндээ манай аймагт бүрэн хэрэгжиж 16 сум, 1 тосгонд мэргэжлийн газар зохион байгуулагч, газрын кадастрын мэргэжилтнүүд ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын зураглал-тоо бүртгэл төслийн хүрээнд 16 сум, 1 тосгоны төв суурингийн, 16 сумын тариалангийн болон атаршсан талбайн кадастрын зураглалын ажлыг иж бүрнээр хийлгэн кадастрын зураглалаар иргэдэд үйлчлэн мэдээллийн баазыг үүсгэв.

 

Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан 25 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж чадсанаар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2 жилийн дотор мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн 2007 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тогтоолоор батлууллаа.

 

Аймгийн Газрын нэгдмэл сангийн тооллого тоо бүртгэл хөтлөх ажлыг орон нутгийн хөрөнгөөр хийлгэж 2008 онд мэргэжлийн байгууллагаар хянуулан батлуулж материалыг нь хүлээн авсан.

 

Аймгийн Газрын алба байгуулагдсанаас хойш 33684 нэгж талбарын 125335.269 га  газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулж 1.3 тэрбум төгрөгийг аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

 

Аймгуудын Газрын албаны бүсчилсэн сургалт семинарын үеэр зохион байгуулагдсан бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд 2005, 2006, 2007 онуудад, мөн сагсан бөмбөгийн тэмцээнд 2006, 2007 онуудад аваргаар шалгарч цом, өргөмжлөлөөр, 2012 оноос хойш бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа шилжин явах цомын төлөөх тэмцээнд мэргэжилтнүүд аймгуудын багт оролцож, гар бөмбөгийн тэмцээнээс 2013 онд хүрэл, 2015 онд хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулж байгаа спортлог хамт олон юм.

Аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ангилалд хамруулах талаар бодлого чиглэлтэй  ажилласны үр дүнд Хөгнө хан, Наман уул, Ханжаргалант, Урантогоо зэрэг газруудыг Байгалийн нөөцийн болон цогцолбор газрын ангилалд 127.0 мянган га газрыг, мөн Зэд-Хантай-Бүтээлэлийн нурууны 600 гаруй мянган га нутаг дэвсгэрийн Дархан цаазат газрын  ангилалд, орон нутгийн хамгаалалтад Эг, Тарвагатай, Сэлэнгийн гол орчмын 115874 га газрыг, Могод суманд дахь Хулжийн халуун рашааны орчмын гэх мэт олон түүх соёлын дурсгалт газрыг тус орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан.

 Аймаг орон нутгийн хилийн цэсийг тодотгох, тодруулах ажлыг зэргэлдээ аймаг сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан хилийн цэсийг 2010-2012 онуудад тодотгох ажлыг гүйцэтгэсэн. Ингэснээр хил залгаа аймаг болон аймаг доторх сум хоорондын хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

2016 онд Булган сумыг газрын мэдээллийн сангийн “Ланд менежер” програмд холбох ажлыг амжилттай зохион байгуулж, 16 сумд тус програмд бүрэн хамрагдаж, кадастрын зураглалыг сум орон нутгаас гарган өгч, иргэдэд газрын үйлчилгээг газар дээрээс нь шуурхай хүргэж эхэллээ.

2016 онд ГЗБГЗЗГазрын даргатай байгуулсан гэрээгээ дүгнүүлж, газрын удирдлагын чиглэлээр хийсэн ажлаараа улсын хэмжээнд 21 аймгаас 4 байрт шалгарлаа.

Бэлчээрийн ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлж дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, улсын хэмжээнд 3-р байр эзлэн өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнууллаа.

 

Газрын харилцааны чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилт:

  • Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийлгэх
  • Сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийлгэх  
  • “Лэнд менежер” програм хангамж нэвтэрсэнтэй холбогдуулан газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг онлайн хэлбэрт холбох
  • Улсын чанартай авто зам дагуух газруудад хаягийн самбар байрлуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх, самбарыг байршуулах
  • Газар өмчлөлийн ажлыг 50 доошгүй хувьд хүргэх
  • Газрын төлбөрийн орлогын хэмжээг жил бүр нэмэгдүүлэх

Газрын салбарын хэмжээнд төрийн дээд одон медалиар шагнагдсан байдал:

Алтан гадас одонгоор дарга Д.Цэрэндорж, нягтлан бодогч Д.Пүрэвсүрэн нар, Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр дарга Д.Цэрэндорж, нягтлан бодогч Д.Пүрэвсүрэн, газрын даамал Ж.Ганбат нар шагнуулжээ.

ГХБХБГазар

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР